Thursday, September 9, 2010

Бээжин хүрсэн аялал /тэмдэглэл/

Холын Бээжинд аялсан замын тэмдэглэлээ дэлгэе. Олон улсын галт тэргээр Улаанбаатраас оройн 20-н цагт хөдлөн маргааш нь үд хирд Эрээн хотод очлоо. Энд амарч хоноод өглөө нь 05цагт автобусаар явахад 14-15цагт Бээжин хотод хүрнэ. Улаанбаатраас Бээжин хүртлэх 1450км замыг бид галт тэрэг, автобусаар үндсэндээ нэг хоног туулж очсон хэрэг гэтэл урд манай аянчин жинжид атан тэмээдийнхээ зогдорыг хөдөлгөж Утай, Гүмбумд хэдэн сар явж ирдэг байсан билээ. Өмнөд хөршид аялахад аян замын бэрхшээл алга болсоныг бид үзлээ.

Өмнөд хөршид эхлээд бууж хоноглосон. Эрээн үнэхээр цэцэглэн хөгжиж буй хот юм. Дэлхийн шинээр хөгжиж байгаа 10 хотын нэгээр шалгарсан нь үүнийг нотолно. Энд Улаанбаатар- Бээжин – Москвагийн галт тэрэгний хөдөлгөөн 1956онд, худалдааны чөлөөт бүс 1990-ээд оноос нээгджээ.
Эрээнээс цааш автобус эхэнхдээ хурдны замаар цагт 60-70км- ээс доошгүй хурдална. Зам сайхан болхоор донслохгүй. Замын хоёр талаар ногоон мод үргэлжлэх болхоор нар халаахгүй. Бяцхан зээнцэр маань наранд халахгүй, зайлагдах мэт алжаал үзсэнгүй. Унтахдаа унтаж, идэж уухдаа идэж ууж, инээж хөхөрч явав. Бид гэдэг маань зээ хүү, бэр, тэдний ой 7 сартай охин, өвгөн би Бээжингээс цааш Утай хүрч эргэж Хөх хотоор дамжин буцах 20 гаруй аялагч билээ. Автобусаар барагцаалахад замын бараг хагас нь тэгш тал нутаг, цаашаа алдарт Жанжхүүгийн даваанаас эхлээд өндөр сүрлэг уул, нуруудыг туулж Бээжинд хүрдэг аж.
Бид аялал жуулчлалын “Easy tour” компаны зохион байгуулдаг аяллаар яваа нэг удаагын аялагчид.
Эрээн хот болоод цааш үргэлжлэх аян зам өмнөл хөршийн өнөөгийн өндөр хөгжлийг кино дэлгэцээр үзэх адил харуулна. Эхний үед нүд алдам өргөн их талын дундуур өндөр хүчдэл, холбооны шугамын зэрэгцээ салхины хүчээр ажилладаг авраг том сэнсүүд сэрийнэ. Энэ бүхэн өвөр монголд том үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байгаагийн илэрхийлэл гэж хөтөч тайлбарлаж байв. Хөтөч гэснээс түүний тухай өгүүлэхгүй өнгөрч боломгүй. Учир нь тэр аялагч бидний аюулгүй байдал, юм үзэж нүд тайлах зорилгыг хангуулах өндөр үүрэгтэй. Энэ ажилдаа тун хариуцлагатай. Явсан газар орны талаар тодорхой тайлбарлахын хамт өглөө оройд өнгөрсөн болон ирж байгаа өдрийн аяллыг товч дүгнэж, бас аялж байгаа хийгээд өөрийн орон дэлхий дахины болж буй онцлог үйл явдал, цаг агаарын талаар мэдэлэл өгнө.
Танилцаж ярилцаад үзвэл манай нутаг Өмнөговь аймаг тэр дундаа алдарт Оюутолгойтой Ханбогд сумын унаган, миний таниж мэддэг байсан ахмад дайчин ахмад ажилтан Цэрэнжаа Түүний гэргий Т.Борын нэрэмжит Цогтцэцэн сургуулийн анхны сурагчийн нэг Бадамгаравыг мэддэг аж. Ханбогд сумтай манай тавантолгойн уурхай Цогтцэций сум айл хөрш байдаг билээ. Ингэхлээр бидэнд юм яриж тайлбарлахдаа үнэн голоосоо хандаж түүндээ таашаал аван инээж хөхөрч байдаг богинохон /намхан/ бор охин бол миний нутгийнх. УИС-ийн гадаад хэлний анги, Сингапурт дамжаа дүүрэгсэн англи хэлээр илүү, хятадаарч чамгүй нэгэн болж таарав. Нэр нь Лувсандашийн Өлзийжаргал.
Бид Өвөр монголын Шилийн гол, Улаан цав аймгийн нутгаар голдуу сүү махны чиглэлийн хар тарлан үхэр, ууц сүүлт хонь голдсон мал аж ахуйн ферм тэргүүтнийг харж, цаашлах тутам тариа ногооны талбай, ногоон модод зай завсаргүй үргэлжиж сүүлдээ аль нь таримал аль нь төрөлхийн болохыг ялгахаа больсон. хоёр аймгийн дараа үргэлжлэх Хэбэй муж газар тариалан, тэр дундаа усан үзэм, илжгэн чих, арвай буудайн арвин ургац авдгаас гадна электрон техник, хүнд даацын авто машины зэрэг үйлдвэртэй гэнэ. 68 сая хүнтэй гэсэн байх.
Жанчхүүгийн давааны ар Жанжико хотод өдрийн хоол бариад уул даваанаас эхэлж жинхэнэ уул нурууд үргэлжлэв. Жанчхүүгийн даваанд Монгол, Оросын баатарлаг хөвгүүд харийн түрэмгийлэгчтэй тулалдаж ялж байсны ул мөр дайчдын хөшөөний орой харагдсан. тэгэхэд суудал зэрэгцэн явсан ханагар өвгөний сэтгэл хөдөлсөн байдал илэрхий болж, манай нутгийн хүү Лувсанцэрэнгийн хүү Аюуш энэл нутагт эх орныхоо төлөө тулалдаж улсын баатар болсон хүн гэж ярилаа. Мишигийн Хонинтогоо гэдэг энэ буурал өвөрхангай аймгийн Төгрөг сумынх, трактор олон жил барьсан гэнэ. Хүү Лхагва, бэр Д.Балжиннямынхаа хамтаар аялж яваа гэнэ. Ахар богино хугацаанд туулах ч км-ээр бодвол ойр биш замд нутаг нэгтэн өөр бусад хүмүүстэй ч сайхан танилцав. Урьд улсын их дэлгүүрт ажилладаг байсан оюутан охинтойгоо хамт яваа Балдангийн Нэргүй гэх эмэгтэй 1982 онд бүр залуудаа дэлгүүрийн шеф Өмнөговь аймгийн Цогтовоо суманд төл бойжуулахад туслах малчнаар очиж ажиллаж байж тэгэхдээ миний сайн таних Улсын хурц арслан Дэмүүлийн дүү Гэлэгпэл агсныд очсон гэнэ. Түүний авгай нь Бямбаа гэж надтай худ хургийн холбоотой. Б. Нэргүй говьд говийн малчин айлд хэсэгхэн хугацаанд амьдарч ажилласан, говийнхны цагаан цайлган сэтгэл туйлын ажилч хөдөлмөрч зэрэг зан чанар, байгалийн өвөрмөц сонин төрх байдлийн тухай сэтгэгдэлээ ярисан нь тэр нутгийн хүн надад их дөт сонирхолтой байсныг хэлэх юун. Нэргүй надад Бямбаа эгчид мэнд хүргээрэй гээд утасны дугаар өгсөн. Би биелүүлнэ.
Тэгтэл бас миний удаан жил ажиллаж амьдарсан, нарийн яривал миний унасан газар Дундговь аймгийн Гурван сайхан сумын бор авгай яваатай танилцав. Харамсалтай нь нэрийг нь тэмдэглэж авахаа мартаж. Бид хоёр нутгийн сонин тэр дундаа Гурван сайхан сумынхны сүрхий цэцэн цэлмэг, хүн амьтанд нэр ус өгөх, шоолох хошигнохдоо гаргуун талаар ч хөндөв. Ганц жишээ татхад, тэндэхийн хөдөөний нэг айлд явуулын хэдэн хүн буугаад “ Бид яаруухан явж байна. зөөг цай амсая. Тэгээд ч танайхан нэр ус өгдөг” гэсэн гээд гараад явж. Тэг үед айлын авгай “За одоогоор сав шавхдаг, шалав харайдаг гэж нэрлэе дээ” гэсэн гэдэг. Дэмий үг хэлж байж нэр авах нь тэр. Одоогоор гэсэн нь ноцтой. Дахиад очивол даамайхан яггүй нэр хочтой болохын цондон /дохио/ шүү дээ. Бээжин дөхөж очоод олон жил сонсож хэвлэл мэдээллээр танилцсан ч нүдээр үзээгүй байсан алдарт цагаан хэрэм дээр очиж Дэлхийн гайхамшгийн эхнийхийг үзэцгээв. Хойд зүгийн нүүдэлчин аймгуудын довтолгооноос сэргийлж манай он тооллын өмнөөс хэдэн зууны турш барьсан энэ хэрэм үнэхээр Түмэн газрын гэдэг нэрэндээ тохирсон 7300 гаруй км урт 8м өндөр, 5 орчим м өргөн Тайхань, Янь-шаны өндөр нурууг дамжуулан барьжээ. Өнө эртнээс барьж босгосон энэ аврага байгууламжийг үзэхэд шинэжилэх ухаан, техник хөгжөөгүй тэр цагт ч хүмүүс ямар их юм бүтээж байсныг арга буюу бахдав.
Бээжинд очоод өмнөд хөршийнхөө өнөөгийн гайхалтай хөгжил цэцэглэлт, амжилт ололттой танилцав. Богино хугацаанд боловч үзсэн харсан, нүд тайлсан нь мундахгүй.
Юуны өмнө Бээжингийн олимпийн ногоон хотхоноор орж шувууны үүрийг сонирхон үзэж дурсгалын зургаа авхуулсан. Дэлхийн мини паркаар тухтайхан явж дэлхийн хамгийн гайхамшигт зүйлс жишээ нь Дэлхийн гайхамшигийн нэг Австралийн томоохон хот Сиднейн дуурийн театр, Түүнийг уран барилгачин 1958 оноос эхлэн 14 жилийн хугацаанд барьсан гэдэг. Алдарт Эйфлийн цамхаг гэхэд 1889 онд олон улсын үзэсгэлэнт хамгийн өндөр барилгаар тодорч байсан.
Хувьсгалын Парисын бэлэг тэмдэг болсон байгууламж юм. Америкийн Сан-Франциско хотын “Алтан хаалга ” гүүр 2км шахам урт, усан дээгүүр 230м-ийн өндөрөөрөө дэлхийн хүчирхэг том байгууламжийн тоонд ордог. Цаашилбал Египтийн Пирамид, Энэтхэгийн Таж махал гэхчилэнг сонирхон үзэж, дэлхийгээр ахархан хугацаанд тойрон аяласан мэт өндөр сайхан сэтгэгдэл төрж байлаа.
Бээжин аквариум, олон мянган амьтан цугласан амьтны хүрээлэн, далан хав, дильфин, зааны тоглолт гээд үзсэн зүйл их. Дэлхийн хуурай газрын хамгийн том нөсөр амьтан заан гэхэд ухаантай гэхүү, юу боловч хүмүүсийг хушуун дээрээ суулгаж хойд хоёр хөл дээрээ оцойн суух, тоглолтын дундуур алга ташилтанд хариу талархал мэхийн ёслох байдал үзүүлэх. Нэг хөл дээрээ доголон явах, бүх биеэрээ навтгар болох, бүжиглэх, тоглолтийн үед сонирхогчдын өгсөн гадил жимсийг хошуугаараа авч амруугаа хийх, хэрэв мөнгө төгрөг байвал тоглуулагчиддаа өгөх зэрэг үйл хөдлөл хийх юм. Үзэгчид ч тусгай тэргэнцэрт гадил хийж үзэгчдийн өмнүүр явах хүний жимснээс авч заанд өгөхөд дуртайяа авч үйл хөдлөл нь улам бүр сайн бодог бололтой. Далайн хав, дэльфиний тоглолт хөдөлгөөнийг бид мэднэ. Усанд хосоороо сэлхэд нуруун дээр нь тоглуулагч хэвтэж салахгүйгээр яг онь холбон явна. Дээш өндөрт үсэрч тэнд байгаа бөмбөлөгт хүрч хөдлөгөх нь хөгжилтэй.
Хятад оронд л байдаг эв нэгдэл, хайр энхрийлэлийн билэг тэмдэг болох Панда буюу хулсны баавгай, хамгийн жижиг тив, том арал гэхчилэн нэрлэдэг Австралийн имж /кенгеру /, хамгийн том шувуу тэмээн хяруул, хамгийн өндөр анааш гээд дэлхийн өнцөг булан бүрт, тэр бүр нүдээр үзэх боломжгүй мянга мянган амьтныг энд үзэж болно. Тэдгээр амьтан бүр онцлогтой. Заан 80 хүртэл жил амьдарч, 22 сар хүртэл хээлтэй явж ганц тугал төрүүлдэг байхад имж хэдэн метр хол харайж цагт 60км хурдалдаг, зулзага нь эхийн хэвлийн уутанд 6 сар гаруй болж эхээ хөхдөг байх жишээтэй.
Хятад орон, нийслэл Бээжин хотоор явхад хүн ардын туйлын хөдөлмөрч, олон сая хүнтэй хот гэхэд тээврийн хэрэгсэл сэлүүхэн, зам нь сайхан, ийм ч учраас замын түгжрэл бараг байдаггүй аж. Хотын төв хамгийн хөдөлгөөнтэй газруудад явган хүний гарц тэр бүр байхгүй, газар доорх гарц, гүүрүүдтэй юм. Зарим өдөр хөдөлгөөний зохицуулалт хийдэг байна. Гудамж талбайд дэмий сэлгүүцэж, архи ууж байгаа хүн харагдсангүй. Их хотын хөдөлгөөн эрт эхэлж ахмад настан, эмэгтэйчүүд голдуу явган, моторт дугуйгаар хүүхэд багачууд, бага сага ачаа тээшээ ачиж ажил төрөлдөө гарцгаах юм. Бид дөрөв Бээжин хотын хөгжилтэй танилцаад гурав дахь өдрийн өглөө эрт буцахаар Бээжин Улаанбаатар чиглэлийн Бойнг онгоцонд суусан. Бээжингийн нисэх буудал ямар том, тохилог, саруул сайхан болохыг хэлээд ч яах вэ. Бээжингийн нисэх буудалд хоногт 1950 онгоц хөөрч бууж, 208,000 зорчигч хүлээн авдаг гэсэн. Утай орох аялагчид маань мөн өглөө эртлэн хөдөлсөн билээ.

Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар
Нийтэлсэн:

Аялагч
Өндөр настан Дуудаа овогт Банзрагчийн Амгалан.

Газар тариалан, мал аж ахуйн мэдээ сонин 2010 оны 8-р сарын №11(11) дүгээр дугаар, 8-р тал.

No comments: