1080 шаттай хар Лавайт оргил /Утай/
Мин улсын Чин-Хуа-гийн оны үед /1465-1487 он/ анх суурийг нь тавьж, Ван-Ли-гийн 2-р он буюу 1575 онд дахин шинэчлэн байгуулав. Түүхэнд тэмдэглэснээр: Тэнгэр тэтгэгч хаан Утайд хэдий ирсэн боловч цас бороонд хавчигдан 5 их оргилд нэг ч удаа гарч чадаагүй ажээ. Ингээд нэгэн хуврагат, таван их оргилд гаралгүйгээр таван их Манзушир бодисадвад мөргөх арга бодож олохыг даалгасанд мөнөөх лам арга сэдэж:
· Баруун оргилын Арслант манзушир
· Хойт оргилын Ариун манзушир
· Дунд оргилын номт Манзушир
· Зүүн оргилд тахидаг Цэцэн манзушир
· Өмнө оргилын Бэлэгт манзушир
зэрэг 5 их Манзушир бодисадваг хар Лавайт оргилд хамтатган залж тахих болжээ. Тэнгэр тэтгэгч хаан 1787 онд хар Лавайт оргилд дахин ирж, тэнд тахисан 5 Манзуширт мөргөж байжээ. Сүсэгтэн олон таван их оргилд гаралгүйгээр зөвхөн хар Лавайт оргилд гарч мөргөл үйлдэхийг “Бага мөргөл” гэдэг. Бүх сүм хийдэд бараалж, 5 их оргил тахиж буй их Манзушир бодисадвад мөргөхийг “Их мөргөл” гэнэ. Хар Лавайт оргилын сүмийг анх 1465-1487 оны үед байгуулаад 1575 онд дахин шинэчлэн засварлажээ.
No comments:
Post a Comment