Friday, March 30, 2012

Малайзын тухай анхны мэдрэмж, сонин хачнаас

Posted on

Анхны маань төсөөлж байснаас маш их өөр орон санагдлаа. Анх Монголоос ирэх гэж байхдаа Муслим орон гэхээс өөр бодол байсангүй. Бас Монголын маань нэг иргэн, харамсалтайгаар амиа алдсан гашуун дурсамжтай орон байв.
Гэхдээ анхны мэдрэмж бол сайхан. Найрсаг Малайз хүмүүс. Хамгийн гол нь Малайз гэдэг үндэстэн энд алга. Энд хүмүүсийн ярьж байгаагаар анх орон нутгийн оршин суугчид нь ширэнгэнд амьдардаг, зэрлэг гахай алж идэх дуртай хүмүүс байж. Харин удалгүй Индонезээс Буги гэх үндэстэн нүүдэллэн ирж амьдрах болжээ. Харин Дундад зууны үед Муслим худалдаачдаар Мухаммедийн итгэл тархах болсон байна.
Харин 1950 оны үед Их Британи энэ улсыг тусгаар тогтнох боломжыг нь тавьж өгчээ. Энэ үедээ уг нутгийн дийлэнх иргэд болсон одоогоор Малайзчууд гэж ярьдаг Муслим шашинтай хүмүүст давуу эрх олгосон байна. Уг нь бол энд Хятад, Энэтхэг хүмүүс бас маш олон тоогоороо хэдэн үе дамжин суурьшжээ. Гэвч энэ хүмүүс Малайзын иргэн боловч давуу эрх олгогддоггүй байна. Дээд сургуульд орох нь ч нэлээд хязгаарлагдмал юм шиг ярьж байна лээ. Харин Муслим шашинтай Малайзын иргэдэд бүх юм нь засгийн газраас нэлээд давуу эрхтэйгээр олгогдсон байна.
Үргэлж зунаараа байдаг, ямар ч юмны үрийг газар булчих юм бол аяндаа ургачихдаг сайхан газар юм. Английн колони байх үед Африкаас авчирсан тос болон каучукийн мод одоо уг улсын гол үйлдвэрлэл болсон гэнэ. Хамгийн гол нь Африкийн мод ургахаараа орчны экологийн тэнцвэрийг алдагдуулж болох талтай юм шиг. Магадгүй олон амьтад устан алга болж байгаа бололтой. Манай сургуулийн эргэн тойронд байнга хоол эрж хайсан хэсэг жижиг сармагчингууд эргэлдээд л байх юм. Хөөрхий өрөвдөлтэй сармагчингууд.
Муслим итгэлийн соёл, Хятадын агуу соёл, Энэтхэгийн соёл зэрэгцэн оршиж холилдсон өвөрмөц онцлогтой орон байх юм. Энд байгаа Малайз, Энэтхэг, Хятад иргэд нь англи хэл маш сайтай. Үүгээрээ Азийн эдийн засгийг тэргүүлэх боломж олгодог юм шиг санагдсан.
Гудамжинд явж буй хүмүүсийн нөхцөл байдлыг ажиглахаар их сонирхолтой. Муслим шашинтай хүмүүс нь өөрсдийн нүүр царайг халхалж нуух гэж оролдож байхад, Хятад эмэгтэйчүүд нь хамаг байдгаа харуулах гэсэн мэт л хувцаслах юм. Гадны хүн миний нүдээр их л эсрэг тэсрэг харагдаж байна лээ.

No comments: