Friday, March 30, 2012

Хөгжил ба харьцангуй эрх чөлөө

Улс гүрнүүдийн хөгжлийн хурдыг дэд бүтцээ хэр сайн хөгжүүлсэн мөн хүний эрхийг хэр дээдэлж баталгаажуулснаар нь хэмжиж болно. Гэтэл зарим орон улс орноо хөгжүүлсэн, хийж бүтээсэн бүхнээ хамгаалахаар хүний хязгааргүй эрхийг нийгмийн сайн сайхны тусын тулд боломжит хязгааруудыг тогтоож өгчээ. Ийм олон жишээ байгаагийн нэг нь Азийн хөгжилтэй орнуудын нүүр царай болсон Сингапур, Малайз улсууд юм. Гэхдээ олон талаас нь харвал хүний эрхийг тэдгээр улс хязгаарласан гэхээсээ илүү хэн нэгэн бусаддаа садаа тотгор болох эрсдэлгүйгээр сайн зохицуулж өгснийг онцлууштай.  Манай дарга нар нэг ажил хийх гэхээрээ л эрхзүйн орчин хангалтгүй байнаа гээд хүлээгээд сууж байдаг. Гэтэл тэр өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь улстөрждөггүй, хаандаа, засаг төрдөө итгэдэг, төр засаг нь иргэдийнхээ чихэн дээр цэцэг ургуулдэггүй сонгуулиар шударгаар хариуцлага тооцуулаад сурчихсан, тайван амгаланг бүрдүүлсэн байна. Өндөр хөгжил гэдгийг тэд өндөр байшин өргөн замаар төсөөлөхөө аль хэдийн болиод оновчтой санал санаачлага гаргаж худалдах, технологийн нарийн шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлд түлхүү анхаарлаа хандуулж байна. Гэтэл Монголчууд бид тэдгээр хөгжсөн орноос дэд бүтцээрээ ч оюуны тэлэлтээрээ ч тээ хойно үлджээ. Гэхдээ асуудлыг өөр өнцгөөс харвал бидэнд дутагдаж байгаа зүйл тэдэнд үй олноороо байхад тэдэнд үгүйлээд ч хүний гараар бүтээж болохгүй зүйл зөвхөн манайд байна. Цэнгэг агаар, цэвэр ус, уудам тал, уртын дуу шиг уужим амьсгалах эрх чөлөөг арлын орнууд юугаар ч орлуулж чадахгүй. Тиймээс бидэнд аз тохиосон гэж хэлэхэд хэнээс ч эмээх зүйл алга. Харин гадна дотно явж гахай шувуу амталж, дарга нарын зугаалж, аялдаг зам жимээр хөлхөөд үзэхэд хөгжилтэй том орнуудын туршлагыг аль эрт нэвтрүүлсэн бол монголчуудын амьдралын чанар тэс өөр байх байсан гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа. Ядаж хогийг зөвхөн хогийн саванд хийдэг, хийхдээ ангилж хаядаг, тамхийг зөвхөн тамхи татах зөвшөөрөлтэй цэгт хэрэглэдэг болчихсон бол аятай юу. Гэхдээ энэ өндөрлөгөөс харж байхад манай төр засгийнхан, хот дүүргийнхэн гадаадад явахдаа туршлага судлахаас илүү дэлгүүр хэсч, зугаа хөөдөг нь л тодорхой харагдаж байна. Сингапур улс 683 хавтгай дөрвөлжин км нутагтай. 60 гаруй жижиг арлаас тогтдог. Том арлын урт нь 42 км, өргөн нь 23 км. дулаан чийглэг уур амьсгал оршдог улс. 5 сая хүн амтай хүн амых нь 77% нь хятад, 14% нь малай, 8% нь энэтхэгчүүд байдаг байна. Бусад орнуудыг бодвол иргэдийнх нь амьдралын чанар сайн эдэлж хэрэглэж байгаа зүйлс хоол хүнс чанартай болохоор дундаж наслалт өндөртэй оронд тооцогдож байна. Дундаж наслалт 76. Ихэнх сингапурууд 2 хэлээр ярьж чадахаас гадна англи хэлээр хүн бүр ярьдаг. Сингапурын 21 нас хүрсэн болон түүнээс дээш насны иргэд сонгууль өгөх эрхтэй. Арслан бол Сингапурын бэлэгдэл юм. Энэ нь хүч чадал, эр зориг, дээд сайн чанарыг илэрхийлдэг гэж үздэг ажээ. Англи Улс1818 онд British East India компанийн ажилтан Стамфорд Раффлесийг худалдааны шинэ боомт судлуулахаар Сумартра арал руу илгээжээ. 1819 онд Стамфорд Раффлес Сингапурт ирж Жохорын Султан Хусейн болон Теменггонгтэй Сингапурт худалдааны боомт байгуулах тухай албан ёсны Хэлэлцээр байгуулсан байна. 1824 онд Англи Улс Султан Хусейн болон Теменггонг Абдул Рахман нартай дахин өөр төрлийн Хэлэлцээр байгуулснаар Сингапурыг бүрэн хяналтдаа авчээ. Сингапур нь байршлын хувьд Малай Пеннисулагийн үзүүрт оршдог тул зүүн болон баруун чиглэлд худалдаа хийхэд стратегийн ач холбогдол бүхий нутаг байв. Сингапурын энэхүү таатай байршил худалдаачдыг энэ нутагт өргөн олноор татаж чадсан байна. Хүн амын суурьшил асар хурдтайгаар нэмэгдэж 1824 онд 10000 хүн оршин суудаг байсан энэ газар нутагт 1860 он гэхэд 80000 болж өсчээ. 1941 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Япончууд халдан довтолж Сингапурыг эзлэн 3 жил зургаан сар өөрийн клонидоо байлгажээ. 1959 оны 6 дугаар сарын 5-нд Сингапурын анхны Засгийн газар байгуулагдаж Ли Куан Ю Сингапурын анхны Ерөнхий сайд болжээ.Сингапур нь парламентын засаглал бүхий бүгд найрамдах улс Төрийн эрх барих дээд байгууллага нь нэг танхимтай парламент. Парламент нь 84 гишүүнтэй, 5 жилээр сонгогддог. Одоогоор парламентын 84 гишүүнийх нь 82 нь нэг намын гишүүд байна. Экспортын гол бүтээгдэхүүн нь нефть бүтээгдэхүүн, цахим төхөөрөмж, холбооны хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн. Сингапурын гол зах зээл нь АНУ, Европын Холбоо, Япон, Азийн бусад орнууд. Экспортын 15 хувь, импортын 14 хувь АНУ-д ноогддог. Сингапур нь дэлхийн зам тээврийн томоохон төв. Дэлхийн 54 орны 113 хоттой агаарын замаар шууд холбогдож 7 хоногт 2600 орчим хуваарьт нислэг хийдэг. Усан онгоцны буудал нь дэлхийн 800 орчим боомттой холбоотой. Сингапурын харьцангуй баялаг эдийн засаг нь ард түмэндээ баян тансаг амьдрах боломжийг олгожээ. Мэдээж үүн дээр төр засгийнх нь оновчтой бодлого нөлөөлж байгаа Сингапур олон улсын хэд хэдэн байгууллагуудаас шалгаруулсан олон улсын онгоцны буудал, амьдралын аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд, харилцаа холбоо, нийтийн тээвэр зэрэг үзүүлэлтээр дээгүүр үнэлэгдсэн орон юм. Эдийн засгийн хөгжлийн энэхүү амжилт нь хэд хэдэн хүчин зүйлийн үр дагавар бөгөөд тухайлбал, улс төрийн болон нийгмийн тогтвортой байдал, ард түмний хичээл зүтгэл, газар нутгийн чухал байршил, ажил хэрэгч засгийн газар, эдийн засгийн үр ашигтай бодлого болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг юм. Сингапурын эдийн засгийн гол дөрвөн хөлний нэг нь аялал жуулчлал. Сингапурын нисэх буудлаар гэхэд өнгөрсөн онд 40 сая хүн үйлчлүүлжээ. Ингэж хүний анхаарлыг татаж халаасы нь нимгэлэх гол хүчин зүйл нь ая тухтай орчин, чанартай амьдралын баталгаа. Хүнийхээ төлөө засгийн газар нь гар сунгахдаа хамаг мөнгөө шавхаад бэлнээр өгчихдөггүй, хүүхэд бүрт хадгаламж нээж эцэг эхчүүдэд нь түүнийг нь баяжуулах үүргийг жил бүрийн татвартай адилаар тохоож өгсөн, хүн амынх нь хамгийн доод цалин 6000 ам доллар, засгийн газар орон сууцны апартмент хорооллуудыг бариад иргэддээ зээлээр шууд олгодог учраас орон байрны бэрхшээл гэж байдаггүй байна. Хөгжилтэй орны хувьд мэдээж нийтийн сайн сайхны төлөө хүний хязгааргүй эрхийг боломжоор нь хязгаарлаж зохицулалт хийсэн. Тухайлбал зөвхөн зөвшөөрөгдсөн газар тамхи татна, гудманд бохь зажлахыг хориглоно. Бидний хувьд энэ бүхэн тэнэг сонсогдож байгаа нь сингапурт хууль бол хууль. Хилээр архи тамхи бохь оруулахыг хориглоно. Хориглосныг зөрчсөн тохиолдолд заавал хулиар хариуцлага хүлээлгэж хатуу торгож сануулна.Үнэндэ ийм л улс хөгжиж байна цаана чинь. Хотынх нь зам дээр үнэ хямдтай суудлын тэрэгнүүд хөлхөж, монголын баячуудын унадаг унааг зөвхөн тэрбумтнууд нь хөлөглөж байна. Метро, зам тээвэр сайн хөгжсөн дээр нь зохион байгуулалт сайтай, такси гэхэд гар өргөсөн бүхэнд зогсохгүй зөвхөн катсины когсоол дээрээ л зогсоно. Тэгэхээр замын түгжрэл гэж айх юм алга. Бенз, тоёотог зөвхөн баячууд унадаг учраас өндөр татвартай. Ингэж л байж тэр улс агаарын бохирдолгүй улс болжээ. Сингапурт хөл тавьсан л бол та саятан байсан ч зөвхөн сингапур доллараар худалдаа хийнэ. Архины үнэ асар өндөр учраас архидан согтуурал гэж огт байхгүй, биднийг шилээр уух тухай бодож байхад сингапурчууд дэлгүүрээс архийг 50 100 граммаар нь худалдаж авна. Ийм хатуу чанд зохицуулал идвэхтэй хөдөлмөр сингапурыг хөгжүүлсэн гэхэд болно. Мэдээж сингапурыг дэлхийд алдаршуулсан зүйл бол сентоса арал. Маш жижигхэн арал дээр аварга том тоглоомын хотхон байгуулсан нь дэлхийд үнэлэгджээ. Монголд бол шинэ гэгдээд байгаа хүүхдийн паркийн бүх тоглоомонд тоглоход 60 мянган төгрөг хэрэгтэй. Гэтэл дэлхийл алдартай Сентоса аралын дэлхийд цуутай паркд хүссэн бүхэн 20 доллар төлөөд л дотор нь худалдаа хийх, хооллож ундлах 10 долларын хөнгөлөлт эдлээд бүтэн өдөр зугаацаж болхоор байна. Газар доорх аквариам, далайн ертөнц, хэдэн мянган жилийн өмнөх орхигдсон ертөнийг ч хүний гараар бүтээсэн байна. Дэлхийд нэгд бичигдэх алсыг харагч, дэлхийд алдартай усны шоу. Энэ бүхэн сингапурыг дэлхийд таниулжээ. Азийн хөгжилтэй орнуудын сугаар шагайж хурдаа нэмсэн улсуудын нэг бол малайз. Малайз бол экваторын бүсээс хойх нь орших халуун, дулаан уур амьсгалтай, байгалийн нөөцөөр баялаг, олон соёл иргэншил нэгдэн нийлсэн улс юм. Малайз нь олон үндэстэн ястан оршин суудаг тул Ази тивийн бүхий л соёлыг өөртөө шингээсэн орчин үеийн техник, технологийн өндөр хөгжил бүхий улс болж чаджээ. Малайз нь 30 сая хүн амтай, хүн амын ихэнх хэсгийг малай, хятад, энэтхэг үндэстэн бүрдүүлж хоорондоо англи, малай, хятад хэлээр хэлээр харилцдаг. Үндсэн хэл нь малай, англи хэл Олон соёл иргэншил нэг газар нутагт зэрэгцэн орших боломжийг Малайзын төр засаг бүрдүүлж чаджээ. Христ, будда, лалын шашны сүм хийдүүд олонтой. Энэ бүхнийг англичууд малайзыг өөрийн клони улс байхад нь тогтолцоогоор нь шийдэж өгсөн байна. Одоо ч тэр тогтолцоо хэвээрээ. Улсын эмнэлгүүд нь үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 1 ренгит авдаг. Малайзын мөнгөн тэмдэгт болон нэг ренгит монгол төгрөгөөр тооцвол 400 төгрөгтэй дүйнэ гэвэл энэ улс иргэдийнхээ эрүүл мэндэд хэр анхаардаг болох нь ойлгомжтой юм. Харин боловсролын үнэлгээ өндөр. Ялангуяа дээд боловсрол эзэмших өртөг өндөрт тооцогдоно. Харин ерөнхий боловсролын тогтолцоо нь манайхтай ижил, төрөөс бүх зардлыг нь даадаг, харин хятад, энэтхэг, англи хэлийг сонгон суралцуулахдаа 5р анги хүртэл нь малай хэл судлуулаад тавдугаар ангиас нь англи хэлийг нарийн судлуулдаг байна. Малайз бол хаант улс. Мэдээж төрийн бүх шийдвэрийг парламентаас нь гаргадаг. Гэхдээ хаан нь парламентын гаргасан хууль тогтоомжид гарын үсэг зурж баталгажуулдаг байна. Онцлох зүйл гэвэл парламент засгийн газар, шийдвэр гаргах түвшний дарга нар нь манайхаар их тэнгэрийн амтай дүймээр тусдаа хотод байрладаг, тэр нь Малайзын нийслэл Куала Лампурын ойролцоо оршдог байна. Малайз улсын үндэсний шашин нь лалын шашин. Тэгэхээр лалын шашны зан үйл, соёл уламжлал түлхүү хөгжжээ. Малай эмэгтэйчүүд толгойгоо алчуураар боож ёс заншлаа дагана. Эрчүүд нь ажил хийж ар гэрээ тэжээж, эмэгтэйчүүд нь ар гэрийн ажлаа хариуцна. Сонирхолтой нэг зүйл гэвэл эрчүүдийг олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг байна. Жишээ эхлбэл Малайзын хаан өөрөө зургаан эхнэртэй, 24 хүүхэдтэй. Эрчүүд нь цалин хангамж сайтай ажил эрхэлдэг л бол хэчнээн ч эхнэр авсан нээлттэй байдаг байна. Малайзчууд манийгаа бодвол бүх юман дээр улстөржөөд санаагаа зовоогоод байдаггүй хүмүүс. Төр засагтаа итгэдэг, хууль журмыг чанд сахидаг байна. Малайзын засгийн газар улс орноо хөгжүүлэхдээ хамгийн түрүүнд дэд бүтэцдээ анхаарал хандуулсан байна. Улсынха нийт нутаг дэвсгэр сууринг хурдны замаар холбож, галт тэрэг, нийтийн тээврийн үйлчилгээг давхар давхар шийдсэн болохоор замын түгжрэл гэж огт үгүй. Мэдээж эрчим хүчээ газрын тос, газрын гүний хийгээр шийдсэн болохоор утаа угаар гэж санаа зовох юм алга. Хөгжиж байгаа энэ улсын хувь заяаг гийдэхэд хятадууд, англичууд, энэтхэгүүд чухал нөлөөтэй. Ялангуяа хүнд үйлдвэрлэлийн цөм болсон экспортын голлох нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нь хятадууд гартаа атгажээ. Тухайлбал газрын тосны үйлдвэрлэл, аялал жуулчлалн томоохон баазуудыг нь хятадууд гартаа атгаад байгаа юм байна. Нөгөөтэйгүүр англичуудын бүтээн бий болгосон далайн боомт нь азид томхонд тооцогддог. Малайз бол халуун орны шигүү ой бүхий уулархаг нутагтай улс. Нийт газар нутгийнх нь талаас илүүг шигүү ой эзэлдэг. Малайзчуудын амьдралын эх сурвалжийн нэгээхэн хэсэг нь энэ их ой мод. Төрөл бүрийн тосны ургамал, жимс жимсгэнэ, шоколатны гол түүний эд гээд экспортын гол бүтээгдэхүүнүүдээ ой модноосоо гаргаж авна. Авууштай санаа нь иргэд нь өөрсдөө бие дааж ойгоос дагалт бүтээгдэхүүнийг хурааж аваад улсын үйлдвэртээ тушаадаг. Улсын үйлдвэр нь боловсруулаад гадагш нь гаргадаг байна. Тэгэхээр ойн дагалт бүтээгдэхүүнээс энгийн малайзчууд хөдөлмөрийнхөө хэрээр ашиг олон бүрэн боломжтой гэсэн үг. Үүнээс гадна Малайзд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нийслэл Куала лампурын төвд байх ихэр цамхаг саяхныг хүртэл дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байсан. Мэдээж энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том нөлөө үзүүлсэн. Гэхдээ мэдээж лалын шашинтай орон болохоор Америкт болсон 9.11ий үйл явдлын дараа багагүй эмээлт айдас үүсч байсан гэж малайзчууд ярьж байсан. Малайзын аялал жуулчлалын салбарын нүүр царайг өнөөдөр Genting Highland төлөөлж байна. Далайн түвшнээс 2000 метрийн өндөрт буюу уулын оройд үүрэн дунд 10 мянган өрөөтэй дэлхийн хамгийн том зочид буудал байгуулж, манайхныг хэдэн хямдхан тоглоом угсрах гэж зургаан жил янцгалж байхад тэнд байшин дотор аварга том тоглоом, зугаа цэнгэлийн ертөнц байгуулаад авсан нь дэлхийн гайхамшиг гэхээс өөр аргагүй. Одоо Genting Highland дэлхийн томоохон казино, зугаа цэнгэлийн төвүүдийн нэг болжээ. Мэдээж малайзын засгийн газар Genting Highland асар их хөрөнгө оруулж татвар төлж байгаа. Гэхдээ малайз улс лалын шашинт орон учраас ахин ийм том казино төв байгуулахыг хориглосон байна. Малайз улсын газар нутгийн талаас илүүг шигүү ой эзэлдэг болохоор манайх шиг гэр хороолол үавуулж утаа уугиулах ч хэрэг алга. Төр засаг нь зохион байгуулаад хэдэн өндөр байшин бариад л бүх нийтээр нь орон сууцжуулж. Гэхдээ хорин давхар байшин байхад эхний дөрвөн давхар нь авто зогсоол байх жишээтэй. Замын дээгүүр доогуур сүлжсэн олон хувилбараар зохион байгуулсан болхоор замын түгжрэлд гацах зовлон алга. Анхаарууштай нь мотоцикл, унадаг дугуй өргөн хэрэглэдэг, автозам дээр нь манайх шиг ланд крузер, лексус 470 570 хамер жийпнүүд ганц ч үзэгдэхгүй. Бүгд хямд өртөгтэй энгийн мяшин унадаг байх юм. Засгийн газар нь иргэдийнхээ нийгмийн хандлагад их анхаардаг. Ганц жишээ хэлэхэд кабелийн телевиз байлаа ч алаан хядаантай, дээрэм тонуултай, элдэв бусармаг зүйлтэй кино ший, тийм төрлийн сувгуудыг хязгаарладаг байна. Газар нутаг дээрээ зөвхөн малайз ренгитээр гүйлгээ хийнэ. Хаана ч худалдаа хийсэн америк доллар гаргаад ирсэн зөвхөн валют солих цэгээр солиулж байж ренгитээр тооцоо хийдэг болохоор өөрийнх нь мөнгөн дэвсгэр газар нутаг дээрээ амьтай байдаг байна. Манай монгол банк санхүүгийн зохицуулах хорооны томчууд мэдээж тийм орнуудаар явж л байсан байж таараа. Гэхдээ туршлага судлаагүй, хайхраагүй юм байлгүй. Манайд лав монгол төгрөгийг амьтай байлгах хууль өнөөг хүртэл хэрэгжсэнгүй. Тэгэхээр төрөөс зардлы нь гаргаад монгол банк санхүүгийн зохицуулах хорооныхныг малайз руу аялуулах хэрэгтэй. Сайхан амраг. Харин буцаад ирэхэд нь энэ олон жил хууль хэрэгжүүлээгүйнх нь хариуцлагыг тооцож албан тушаалтай нь ярих ч цаг болсон байна. Монгол Улс, Малайзын Холбооны Улсын хооронд 1971 оны 9 дүгээр сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон. Малайз улс Британийн колоничлолоос ангижирч тусгаар тогтнолоо зарлахад манай улс баяр хүргэсэн утас илгээж найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байсан түүх байна. Тусгаар тогтноход нь хөгжихөд чинь дэмжинэ туслана гэж байсан улс маань аль хэдийн биднийхээ хажууд 22р зуундаа орчихоод байхад манай дарга нар юу л бодож байдаг юм бол доо. Биднийг цагаан талд зам тавих гэж ядарч байхад малайзчууд ширэнгэн ойд хурдны зам тавьж, биднийг зуухан мянган айлыг орон сууцжуулах гэж хэдэн жил ярьж байхад малайзчууд 30 сая хүнийг орон сууцаар хангаар айхаа авдрандаа хийчихсэн хүн нь баян, төр нь итгэлтэй амар тайван амьдарч байна. Гэтэл тэднийг бодвол бидэнд өргөн уудам тал байна, өндөр ашиг шим бүхий мал байна, газар доор нь эрдэнэс баялаг дүүрэн байна. Мэдээж малайзчуудын хажууд бидэнд илүү аз тохиосон. Гэхдээ тэр хэмжээгээрээ илүү арчаа багадаж, ажил дутагдсан нь л харагдаж байна. Бидэнд аз тохиосон. Сингапурт байхгүй газар нутаг байгалийн баялаг, малайзд үгүйлэгдэх цэвэр агаар уудам тал манайд байна. Хэрвээ энэ бүхнийг үнэлдэг бол монгол улс сингапур малайзаас хэд дахин үнэтэй орон болно. Гэхдээ асуудлыг өөр өнцгөөс харж хэнийх нь амьдралын чанар сайн, баталгаатай ,ая тухтай, орлого мөнгөтэй байна вэ гээд тооцвол бид уралдсан гэвэл сүүл мушгиж, барилдсан гэвэл өвдөг шороодож. Эцэст нь хэлэхэд буй бүхнээрээ баян мөртлөө чанар муутай амьдарч байгаа нь бидэнтэй, биднийг удирдаж байгаа хүмүүстэй шууд холбоотой. Сингапур гэхэд эрчим хүч, дулааныхаа 94 хувийг байгалийн хий, үлдсэн хувийг нь газрын тосноос гаргаж байна. Гэтэл бидэнд тэдэнд байхгүй нүүрс хэдэн зуун сая тонноороо байхад хялбархаан утаанаасаа салах боломж байна. Сингапурын нийт газар нутаг нь манай улаанбаатарын л хэмжээтэй байхад уулаа ухаад шороогоороо тоосго цохиод 5 сая хүнээ орон сууцаар хангаад зээлээд оруулцан байхад барилгын материалын түүхий эдийг хашаанаасаа ухах боломжтой манай улсын хүн ам таван ханатай гэрт нүүрс түлж, үнс ухсаар л байна. Засаг төр анхаарч туршлагы нь авбал 3 хүрэхгүй сая хүнийг орон сууцжуулах амархан л баймаар. Шуудхан хэлэхэд газар нутагтаа боогдоод барилгуудаа өндөр л барицан болхоос биш манайх шиг цагаан талд амьдардаг бол сингапур, малайз улсууд бүр л их хөгжих байсан. Нөгөө талаас нь хөгжлийг өндөр барилга өргөн замаар төсөөлж хий шүүрс алдаж байхаар гадаад дотоод явж гахай шувууны мах идэж, жаргаж ирснээ туршлага судаллаа, айлчиллаа гэж яридаг дарга нар шууд хуулаад монголжуулаад авмаар олон туршлагын хажуугаар нүд нь зөрж хүүхэн харж, дэлгүүр шагаж явдаг нь үнэн юм билээ. Тийм биш, сэтгэлтэй дарга нартай байсан бол сайн зохицуулалт хийж энэ их эрх чөлөөг нийтийн эрх ашгийн төлөө хязгаарлаад архидалт тамхидалт, хогтолт гурваасаа лав салаад нийтээрээ орон сууцанд, нийгмээрээ мэдлэгт суурилсан шинэ хөгжлийн төлөө явж байж болох л байсан. Гэхдээ одоо оройтоогүй. Гишгэх газар хомс, амьсгалах агаар хязгаартай далайн булангийн орнуудаас бидэнд аз ахиу тохиосон л гэж дотроо бодохоос. S.Erdenebayar 

No comments: