Tuesday, November 15, 2011

Стийв Жобсын зөвлөгөө: Шунан дурлах ажлаа олж хий

Би ч азтай хүн л дээ. Учир нь би өөрийнхөө үнэхээр хайртай ажил, хийх дуртай зүйлийг залуу байхдаа олсон юм.

Воз бид хоёр 20 настай байхдаа манай аав ээжийн машины гражинд “Apple”-ийг эхлүүлж байлаа. Хичээнгүйлэн ажилласны эцэст, 10 жилийн дотор “Apple” хоёрхон залуугаас 4000 ажилтан хүртэл, жижигхэн гражнаас 2 тэрбумын ашигтай компани болтлоо өргөжсөн.
Жилийн дараа, биднийг хамгийн шилдэг бүтээл Macintosh-оо худалдаанд гаргахад би 30 настай байлаа.Тэгтэл би ажлаасаа халагдчихсан. Үүсгэн байгуулсан компаниасаа халагдана гэдэг байж болно гэж үү? “Apple” томорч эхлэхэд, надтай хамт компанийг удирдаж чадахуйц, чадварлаг гэж үзсэн нэг хүнийг манайх ажилд авсан юм. Эхний жилд бүх зүйл сайхан байлаа. Гэтэл бидний ирээдүйн талаарх төсөөлөл, зорилго зөрчилдөж, бүх зүйл нурж эхэлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурал болоход ихэнх хүмүүс түүний талд орсон юм л даа. Ингээд л 30 настайдаа би ажилгүй болчихлоо. Би олон түмний нүдэн дээр халагдсан. Миний насанд хүрснээсээ хойш санаа тавьж ирсэн цорын ганц зүйл байхгүй болчихсонд үнэхээр итгэж боломгүй байлаа.

Би хэдэн сарын турш юу хийхээ мэдэхгүй баахан явсан. Надад яг л өмнө үеийн лидерүүдийн түүхийг тасалдуулж орхисон юм шиг, яг л удирдаачийн саваа над дээр ирэх үед нь барьж авч чадалгүй, унагаачихсан мэт мэдрэмж төрж байлаа. Би Дэвид Пэкард, Боб Нойс нартай уулзаж, бүх юмыг нурааж орхисондоо уучлал гуйсан. Би олон нийтийн урмыг хугалсандаа амьдарч байсан газраасаа зугтмаар санагдаж байв. Гэтэл миний дотор ямар нэг зүйл гийсэн хэвээрээ л байлаа. Энэ нь, тэр үед ч би ажилдаа хайртай хэвээрээ байсан явдал юм. “Apple”-ээс гарлаа гээд тэр “хайр” маань өөрчлөгдөөгүй. Намайг халж орхисон ч, би ажилдаа шунан дурласаар байсан юм. Тиймээс би дахин шинээр эхлэхээр шийдсэн.
Тэр үедээ анзаараагүй байсан ч, “Apple”-ээс халагдсан маань миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан. Ажилгүй болсноороо миний нуруун дээр байсан амжилт, алдар нэрийн хүнд ачаа суларч, оронд нь шинэхэн бизнесмэний итгэл дүүрэн эхлэх зориг надад ирсэн. Энэ бүхэн надад амьдралынхаа хамгийн бүтээлч үед орох эрх чөлөөг олгосон.
Дараагийн таван жилд би NeXT, Pixar нэртэй хоёр компани байгуулав. Бас нэгэн гайхалтай эмэгтэйтэй учирч гэрлэсэн юм. Pixar дэлхийн хамгийн анхны энимэйшн хүүхэлдэйн кино Toy Story-г бүтээж, одоо хамгийн алдартай энимэйшн студи болсон. Гэнэтийн гайхалтай эргэлтээр, Apple NeXt-ийг худалдан авч, би Apple-д эргэж орсноор NeXT-эд бүтээсэн технологийн дэвшил маань Apple-ийн “амин сүнс” болсон юм. Бас Лаурин бид хоёр маш сайхан гэр бүлийг цогцлоож чадсан.
Хэрэв би Apple-ээс халагдаагүй байсан бол эдгээрийн аль нь ч болохгүй байх байсан гэдэгт би итгэдэг. Амьдралын маань тэрхэн үе маш гашуун амттай эм шиг санагдаж байсан ч, би гэдэг өвчтөнд хамгийн хэрэгтэй эмчилгээ байсан юм билээ. Заримдаа амьдрал толгой руу чинь тоосго шиднэ. Ухаан алдаж унахгүй л байх ёстой. Намайг дахин урамшуулж, итгэл өгсөн ганц зүйл бол хийдэг ажилдаа хайртай байсан минь билээ. Та нар ч бас үнэхээр хайрлаж, шунан дурлах ажлаа ологтун. Ажил гэдэг амьдралын маш том хэсгийг эзэлдэг учраас, үүнд сэтгэл хангалуун байх ганц арга бол чин сэтгэлээсээ итгэж, тэмүүлэх зүйлээ хийх. Харин итгэж, тэмүүлэх зүйлээ хийх ганц арга бол үргэлж дурласаар байж ажлаа олох юм. Хэрэв үүнийгээ олоогүй байгаа бол, эрж хайсаар л бай. Битгий зогс. Олсон цагт чиний зүрх сэтгэл үүнийг мэдрэх болно. Тэгвэл яг л жинхэнэ хайр цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхждэг шиг, чиний ажил жил ирэх тусам өнгө орсоор байх болно. Тиймээс үнэхээр хайртай зүйлээ олтлоо битгий зогсоорой.
Эх сурвалж: http://goolingoo.mn

No comments: